Хөх Гэрэгэ төслийн хэвлэлийн бага хурал боллоо
Дэлхий даяар тархан суугаа Mонгол туургатны НОГООН КАРТ буюу "ХӨХ ГЭРЭГЭ" төслийг санаачлагч Цахим Өртөө Холбооноос 2012 оны нэгдүгээр сарын 23-ны даваа гарагт MN25 дээр 12 цагт ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ хийлээ. Дараах видео бичлэгээр хэвлэлийн хурлын талаар дэлгэрэнгүй танилцана уу.
“ХӨХ ГЭРЭГЭ” УРИАЛГА
Монгол туургатнаа урин дуудахын учир
Дэлхийн Mонгол Tуургатны Цахим Өртөө Cүлжээ
“Цахим Өртөө Холбоо” ТББ
Үндэстнийхээ язгуур эрх ашгийн төлөө сэтгэл
тавигч эрхэм МОНГОЛ ХҮН бүрийн сонорт:
Найман зууны тэртээ монголчууд мандан бадарч, ертөнцийн дөрвөн зүгт жолоо тавин довтолгож, Дэлхийн талыг нэгэн дээвэр дор захиран тохинуулж асан билээ.
Түүхийн хуудас эргэхүйеэ тэрхүү дайчин үндэстэн зайгаа тавьж, улмаар гурван зууны туршид Манжийн ар хормойд нуугдан дэлхийгээс мартагдаж, далан жилийн туршид социалист хөшигний цаана хаагдаж, гал голомт болсон өлгий нутагтаа ам бүл цөөхүүл 21-р зуунтай золголоо.